УВС АЙМГИЙН ТӨВ УЛААНГОМ ХОТ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны буцалтгүй тусламжаар 21 аймгийн төвүүдийн агаарын чанарыг хянах автомат станцтай болгох ажлын хүрээнд Увс аймгийн төв Улаангом хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо.

Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг хэмжих юм. Өнгөрсөн хугацаанд 8:00, 14:00, 20:00 цагуудад механик байдлаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд агаарын чанарын хэмжилтийг хийж, агаарын чанарыг хянах боломжтой болж байна. Нээлтэд БНСУ-ын “Кентек” ХХК болон Увс аймгийн Засаг даргын тамгын газар болон Улаангом сумын удирдлагууд оролцов.

Ийнхүү агаарын чанарыг хянах автомат станцтай аймгийн тоо 5 болж байна. 2025 онд бүх аймгийн төвүүдэд суурилагдана.